Улаанбаатар хот бонд гаргаж, Бөөрөлжүүлтийн цахилгаан станцыг санхүүжүүлнэ

  • 2024/05/08 19:22


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, олон асуудал хэлэлцсэнээс дараах шийдвэрүүдийн талаар хүргэе.


Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина


Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих гэнэ.


Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.


Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.


Нийслэлийн 50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.


Хуулийг батлуулснаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна.


Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа


Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн барьж буй 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа. Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгав.


“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.


Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтжээ. Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил эрчимтэй үргэлжилж байгаа аж. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.