Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

  • 2026/11/23 15:46

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нийт 16 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 81.2 хувьтай байна. Иймд дутуу хэрэгжилттэй үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллахаас гадна өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад анхаарч, зарим арга хэмжээг яаралтай авч ажиллахыг онцоллоо. Тухайлбал,

  • Цас орсноос халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдсэн. Иймд дүүргийн 1-34 хороо болон ААНБ-ууд явган хүний шатнуудыг засах, наалт наах зэргээр иргэд хүүхэд зорчих аюулгүй байдлыг бүрдүүлэх ажлыг нэн яаралтай зохион байгуулах,

  • Дүүргийн хэмжээнд төв болон туслах замыг тусгаарлагч эвдэрсэн хайс, хашлагыг засах, сэлбэх,

  • Гэр хорооллын өндөрлөг хэсгүүдэд цас орсон үед халтиргаа гулгаа үүсэж байгаа тул давс, бодисын нөөцийн савыг шаардлагатай газруудад нэмж байршуулах,

  • Мөн автобусны буудлууд дээрх Дулаан зогсоолуудыг яаралтай ажилд оруулах,

Татварын орлогын бүрдүүлэлтэд анхаарахаас гадна дүүргийн хэмжээнд хамгийн их татвар төлөгч ААНБ-уудаа бүх талаар дэмжих. Мөн татварын бааз суурийг хэрхэн нэмэгдүүлэх талаар төлөвлөгөө боловсруулах танилцуулахыг холбогдох хэлтсүүдэд үүрэг болголоо.

Түүнчлэн өнөөдрийн шуурхай хурлын үеэр Эрүүл мэндийн төвөөс дүүргийн хэмжээнд зорилтот нас буюу 6 сараас 6 насны нийт хүүхдийн 64 хувийг томуугийн эсрэг дархлаажуулалт хамруулсан. Өнөөдрийн байдлаар томуу томуу төст өвчний дэгдэлт дүүргийн хэмжээнд идэвхжилийн түвшинд байна. Иймд боловсролын байгууллагууд болон ӨЭМТ-үүд дүүргийн ЭМТ-тэй хамтарч ажиллах шаардлагатайг онцоллоо.

Мөн дүүргийн Биеийн тамир спортын хорооноос дүүргийн Иргэдийн спортын Хангарди наадмыг 11-р сарын 05-15-ны өдрүүдэд спортын 4 төрлөөр зохион байгуулж, нийт 1280 тамирчин оролцсон. Тэмцээнд амжилттай оролцсон хороод нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлж оролцоно гэсэн гэв.