Сурагчдад санхүүгийн мэдлэг, хуримтлалын зөв дадал олгох өдөрлөг боллоо
- 2026/10/22 15:40
Санхүүгийн зохицуулах хороо “Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5, 50 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Санхүүгийн боловсрол” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөг нь сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, мөнгөний зөв хэрэглээ, хуримтлалын дадлыг төлөвшүүлэх, санхүүгийн хариуцлагатай шийдвэр гаргах чадварыг дэмжихэд чиглэв.
Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар болон холбогдох бусад төлөөлөл оролцож, санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх, орлого, зарлагаа зөв төлөвлөх, хуримтлалын дадал хэвшүүлэхийн ач холбогдлыг сурагчдад онцлон хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр сурагчид санхүүгийн мэдлэгээ сорих танин мэдэхүйн тэмцээн, уралдаанд оролцож, мөнгөний зөв хэрэглээ, хуримтлал болон санхүүгийн хариуцлагатай зөв дадлын талаарх ойлголтоо бататгасан бөгөөд амжилттай оролцсон сурагчдад Хадгаламжийн даатгалын корпорациас “Хадгаламжийн эрхийн бичиг” гардууллаа.
Энэхүү өдөрлөг нь сурагчдад санхүүгийн мэдлэгийг онолын түвшинд хүргэхээс гадна оролцоо, танин мэдэхүйн үйл ажиллагаанд тулгуурлан мэдлэгээ бататгах, хуримтлалын ач холбогдлыг ойлгож, зөв дадал хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ боллоо.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд санхүүгийн боловсрол олгох нь ирээдүйд санхүүгийн хариуцлагатай шийдвэр гаргах, хувийн санхүүгээ зөв удирдах чадварыг төлөвшүүлэх чухал үндэс юм. Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх, санхүүгийн хариуцлагатай хэрэглээг дэмжих чиглэлээр олон нийтэд зориулсан сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.