Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг хийв

  • 2026/05/14 15:19
"Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК нь 2026 оны тавдугаар сарын 7-11-нд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журмын төсөлтэй холбоотой иргэдийн санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 400 гаруй иргэн оролцож, авто зогсоолын хүртээмж, төлбөрийн тогтолцоо, нэгдсэн менежмент, бүсчлэлтэй холбоотой санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв. Иргэдийн зүгээс авто зогсоолын тариф харилцан адилгүй, зогсоолын хүрэлцээ хангалтгүй, шөнийн тарифыг тэглэх буюу хөнгөлөх, мөн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгаа талаар санал дэвшүүлсэн.
Хэлэлцүүлгийн үеэр "Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн захирал Э.Цэенрэгзэн, Авто зогсоолын төлөвлөлт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Батзаяа нар авто зогсоолын өнөөгийн эрх зүйн орчин, шинэчилж буй журмын төсөл, цахим төлбөрийн систем болон нэгдсэн менежментийн тогтолцооны талаар мэдээлэл хүргэлээ. Мөн авто зогсоолын асуудлыг зөвхөн төлбөрийн зохицуулалтаар бус хотын хөдөлгөөн, төлөвлөлт, хүртээмж, технологид суурилсан цогц менежментийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар онцлон танилцуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гарсан санал, шүүмжийг нэгтгэн судалж, журмын төсөлд тусгасны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргад танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байгаа аж.