Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно
- 2024/03/27 16:23
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 205 дугаар тогтоолоор байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.