Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг болов

  • 2025/09/08 17:53

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцлоо. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрт хүдэр бэлтгэх технологийн дамжлага өөрөө нунтаглах хэсэг болон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамаар явагддаг. Дээрх хоёр дамжлагаар тус бүр жилд 20 сая тонн хүдэр боловсруулахаар өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ. 

1978 онд ашиглалтад оруулсан хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ажил ид явж байгаа аж. Харин хүдэр бэлтгэлийн хоёрдугаар шугам буюу өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн онд дуусгаж, ашиглалтад оруулжээ. Үргэлжлүүлээд баяжуулалтын секцүүдийн шинэчлэлийн ажлыг амжилттай хийж, Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авсан байна.

Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай. Ингэснээр баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн болж нэмэгдэж байгаа гэнэ. Баяжуулалтын секцүүдийг шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна. Төслийн үр дүнд туршилтын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ.

Төслийн зураг төслийг боловсруулах, барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх бүх ажлыг Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд, уурхайчид хийжээ. Баяжуулалтын секцүүдийг шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар буууруулж, технологийн үзүүлэлтийг дээшлүүлж буй нь өндөр үр ашигтай юм гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ерөнхий инженер Т.Батмөнх ярив. Мөн ОХУ-ын РИВС фирмийн 96 ширхэг хөвүүлэн баяжуулах машиныг шинэчлэл хийснээр АНУ-ын FLSmidth компанийн WEMCO брэндийн 22 ширхэг өндөр хүчин чадалтай флотомашинаар шинэчилж, цахилгаан эрчим хүчний зардлыг 15-20 хувиар бууруулж, жилд 2 тэрбум төгрөг хэмнэнэ. Зэсийн металл авалтыг 0.01 хувиар нэмэгдүүлснээр, жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдэж байна. 

Түүнчлэн өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд сүүлийн зургаан сарын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ. Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалт хүдэр боловсруулах зургаан секцтэй. Дараагийн ээлжид 4, 6, 1 дүгээр секцийг шинэчлэхээр төлөвлөсөн байна.