Санхүүгийн мэдлэг олгох өдөрлөгийн гурван сургуульд зохион байгуулжээ

  • 2025/05/16 13:35


Хадгаламжийн даатгалын корпораци Санхүүгийн зохицуулах хороотой хамтран оюутан залууст хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын онцлог, хадгаламжийн даатгалын тогтолцоо, түүний ач холбогдол, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох “Санхүүгийн зах зээлийн мэдлэг түгээх өдөрлөг” зохион байгууллаа. 

Тус өдөрлөгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд СЭЗИС, 29-нд “Сити” их сургууль, тавдугаар сарын 5-нд МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан залуусын дунд тус тус зохион байгуулсан юм. Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, дэд дарга Н.Хүдэрчулуун, Хадгаламжийн даатгалын корпорацийн ЗУГ-ын захирал Х.Гэрэлт-Од, ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр болон сургуулийн удирдлагын төлөөлөн оролцсон. 

Энэ үеэр “Хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага”, “Эрсдэл ба даатгал”, “Хөрөнгийн зах зээл ба хөрөнгө оруулах боломж”, “Даатгагдсан хадгаламж” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, оюутан залууст мэдлэг түгээсэн юм. Уг арга хэмжээнд оролцсон нийт гурван сургуулийн 320 орчим оюутнуудын дунд мэдлэг бататгах Kahoot-ын асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, сургууль тус бүрээс шалгарсан оюутнуудыг хадгаламжийн, үнэт цаасны данс нээлгэх, даатгалд хамрагдах эрхийн бичгээр урамшуулав. Тус өдөрлөгөөрөө дамжуулан оюутан залуучуудад санхүүгийн зэх зээлийн хөгжлийн чиг хандлага, санхүүгийн боловсролын суурь ойлголтыг бататгах, хөрөнгийн зах зээл даатгалын салбарын ач холбогдлыг таниулан сурталчлах чухал ач холбогдолтой аж.