Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөл хуралдав
- 2025/02/06 16:28
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн хурал Санхүүгийн зохицуулах хорооны байранд боллоо. Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хамтын ажиллагааны зөвлөлийн дарга Н.Хүдэрчулуун хурлыг нээж үг хэлж, шинэчилсэн аргачлалтай нийцүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх харилцан үнэлгээнд бэлтгэх, холбогдох ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.
Хурлаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Ганчимэг Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Олон улсын хамтарсан бүлэгт ажилласан туршлагаасаа хуваалцаж, харилцан үнэлгээний тайлан бэлтгэх, статистик тоо мэдээлэл нэгтгэх, тайлагнахтай холбоотой мэдээллийг өгөв. Мөн Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны биелэлтийг танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын 2025 оны явцын тайланг Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт хүргүүлэх, Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх дэд ажлын хэсгүүдийн хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг шинэчлэх, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Эх сурвалж: frc.mn