Хүн ам зүйд гарч буй өөрчлөлт: Бид бэлтгэлтэй байгаа юу

  • 2024/09/17 15:40

Төрөлт буурч, хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаа нь олон оронд сорилт болж байна. Энэ сорилт яг одоо биш ч хэдэн жилийн дараа Монголын “толгойны өвчин” болж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцооны тогтвортой байдлыг шалгаж, улсын төсөвт дарамт учруулах болно.
Дэлхийн ихэнх оронд ХҮН АМ ЗҮЙН томоохон өөрчлөлт явагдаж байна. Дэлхийн нийт хүн амын 2/3-ыг бүрдүүлэх, дэлхийн эдийн засгийн 50-аас илүү хувьд нь нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 2.1 хүүхэд (нөхөн солигдох түвшин буюу хүн зүйн бүтэц хэвээр хадгалагдах түвшин)-ээс бага байна. Монгол Улсын хувьд 2023 оны байдлаар нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 2.7 хүүхэд байна. Гэхдээ энэ үзүүлэлт 2018 онд 2.9, 2003 онд 2.1, 1973 онд 7.5 байжээ. 
Арга хэмжээ авахгүй бол, цаг хугацааны туршид эдгээр орны хүн ам хөгширч, тоо нь буурахаар байна. Итали, Япон, Герман зэрэг улс орнууд энэхүү хүн ам зүйн шилжилтийн үр нөлөөг аль хэдийн мэдэрч эхэлсэн. Төрөлтийн түвшин бага байгаа нь хөдөлмөрийн насны хүн ам буурч, улмаар эдийн засгийн бүтээмжид нөлөөлж, нийгмийн халамжийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлдэг. Тэтгэвэр авагчид, ажилчдын харьцаа нэмэгдэж байгаа нь тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний зардал нэмэгдэж, улсын санхүү дэх дарамтыг өсгөдөг. 
Хүн ам зүйн үзүүлэлт буурч байгаа улс орнууд шинэлэг арга хэмжээг туршиж байна. Жишээ нь, Нордикийн орнууд төрөлтийг дэмжихийн тулд эцэг эхийн чөлөө, ясли, цэцэрлэгийн татаасыг санал болгож буй. Сингапурт гэр бүлийг олон хүүхэдтэй болгохын тулд санхүүгийн урамшуулал олгох болсон. Японтой адилаар технологи, автоматжуулалтад хөрөнгө оруулалт хийх нь ажиллах хүч буурч буй үед бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусална. Монгол Улсын хувьд хүүхдийн мөнгө олголт, түүний хэмжээг нэмэгдүүлсэн нь орж болох юм.
Харин Саб-Сахарын Африк зэрэг бүс нутагт төрөлтийн түвшин өндөр байгаа нь боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх, залуу, өсөн нэмэгдэж буй хүн амын ажлын байр бий болгох зэрэг сорилтууд тулгарч байна. Гэхдээ эдгээр бүс нутгийн улс орнууд эдийн засгийн өсөлтөө дэмжихэд залуучуудаа ашиглах боломжтой. 
2050 он гэхэд дэлхийн 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 2 дахин өсөж, 1.6 тэрбумд хүрч, хүн амын суваргын улам бүр цүлхийлттэй болгож, өндөр настай бүлгийн жин нэмэгдэхээр байна. Энэ шилжилт нь цөөн хүн ажиллаж, олон хүн тэтгэвэр авдаг болгох тул үнэ төлбөргүй эрүүл мэндийн тогтолцоо, төрөөс олгох тэтгэврийн тогтвортой байдлыг шалгах болно. 
Монгол Улсын хувьд ч хүн амын суваргын цүлхийлт илт хурдацтай нэмэгдэхээр байна.