Б.Дэлгэрсайхан сайд Дэлхийн банкнаас авто зам, ложистикийн төслүүд хэрэгжүүлэх санхүүжилт хүсжээ

  • 2024/09/10 18:23


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Таехюн Лиг өчигдөр хүлээн авч уулзжээ. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хамтарсан Засгийн газрын үндсэн зорилго бол олон жил гацсан томоохон төслүүдийг хөдөлгөхөд чиглэж байгааг тэмдэглээд талууд эдийн засгийн болон бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын дэд бүтцийг тэлэх, хөгжүүлэх, зам тээврийн салбарт хийх бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажилд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон байна.

"Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” нь энэ оны нэгдүгээр сарын 30-нд хүчин төгөлдөр болж, хэрэгжүүлэх нэгж байгуулагдан ажиллаж байгаа аж. Энэ төсөл нь Монгол Улсын авто замын тээвэр логистикийн хөгжилд чухал ач холбогдолтой ба үр дүнд нь авто замын техникийн бэлэн байдал сайжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн үр ашиг нэмэгдэх гэнэ. Мөн төслийн хүрээнд улсын чанартай 361 км хатуу хучилттай авто замыг засаж сайжруулах, 51 км орон нутгийн чанартай хатуу хучилттай авто зам барих, нийт найман төмөр гүүрт засвар хийхээр төлөвлөсөн байна. Манай талаас энэ удаад төслийн хамрах хүрээг тэлж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тухайлбал, эдийн засгийн үр өгөөжтэй, хөдөлгөөний эрчим өндөртэй авто замуудыг өргөтгөн дөрвөн эгнээ болгох зорилтыг тавьж байгаа аж. Энэ хүрээнд хойд, урд хөрштэйгээ холбогдох босоо тэнхлэгийн авто зам Улаанбаатар Дархан, Сэлэнгэ чиглэлийн замыг 4 эгнээ, хоёр урсгалтай болгон өргөтгөн шинэчлэх, Улаанбаатар Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх гээд эдийн засгийн хувьд үр ашигтай авто замуудад хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажлыг эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа дуулгажээ. Мөн Замын-Үүд, Хөшигийн хөндий чиглэлд хуурай боомтын үйл ажиллагааг эхлүүлэхэд техник мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.

Дэлхийн банкны зүгээс Зам тээврийн яамнаас танилцуулж буй төслүүдийг судалж үзээд, боломжтой хувилбаруудад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. "Дэлхийн банкнаас 2022 онд “Монгол Улсын Зам тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-д зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг баталсан.  Уг төслийн хэрэгжилт нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг илэрхийлж байгаа төдийгүй Монгол Улсын эдийн засгийн шинэчлэлийг дэмжихийн зэрэгцээ зам тээврийн холболт, логистикийг сайжруулах, дэд бүтцийг өргөжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг тавих зэрэг олон талын чухал ач холбогдолтой" хэмээн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Лиг онцолжээ.  

Талууд энэхүү уулзалтаар улс орны тэргүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, зам тээврийн салбарт хуурай боомтын ажлыг эхлүүлж хөгжүүлэх, тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах зорилгоор ойрын хугацаанд хоёр талаас ажлын хэсэг томилон хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.