АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчид "Эрдэнэс Тавантолгой"-н уурхайн үйл ажиллагаатай танилцав

  • 2024/09/10 16:55


АНУ-ын Худалдааны болон Элчин сайдын яамны төлөөлөгчид, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, "Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо" ТББ-ын төлөөлөгчид 2024 оны есдүгээр сарын 7-нд "Эрдэнэс Тавантолгой" компанийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь уурхайн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2018-2023 онд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын боловсрол, эрүүл мэнд, хөдөө, аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд зориулж 56.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажилласан байна.

Зочид төлөөлөгчид уурхай үйл ажиллагаатай танилцсаны дараа “Эрдэнэс Тавантолгой”-н хэрэгжүүлсэн томоохон төсөл болох Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн бүтээн байгуулалттай танилцсан аж. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхын уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн долоон дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм.