СЗХ-ныхон "Дэлхийн бодлогын форум"-д оролцлоо
- 2024/09/06 12:15
Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (Alliance for Financial Inclusion)-ээс “Хүртээмжтэй дэлхийн төлөөх инновац” сэдвийн дор зохион байгуулж буй "Дэлхийн бодлогын форум"-д Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал болон холбогдох албаныхан оролцлоо. Бүгд найрамдах Эль Сальвадор Улсад энэ сарын 2-5-нд болсон уг форумд 84 орны санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банк болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн 700 гаруй төлөөлөгч оролцож санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний инновац, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга зам болон хүртээмжтэй инноваци, хэрэглэгчийг чадавхжуулах нь, дижитал эрин дэх санхүүгийн эрүүл мэндийг хамгаалах нь, хүртээмжтэй ногоон санхүү зэрэг хэд хэдэн сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн “Жендэрийн хүртээмжтэй санхүүгийн бодлогын загвар”, “Хариуцлагатай санхүүгийн инновац-Сан Сальвадорын тунхаг”-ийг соёрхон баталлаа.
“Жендэрийн хүртээмжтэй санхүүгийн бодлогын загвар” нь эмэгтэйчүүдийн санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээн дэх жендэрийн зөрүүг арилгах чиглэлээр бодлого боловсруулахад төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудыг чиглүүлэхээс гадна сайн туршлагуудын нэгтгэсэн баримт бичиг юм. Харин "Хариуцлагатай санхүүгийн инноваци-Сан Сальвадорын тунхаг"-аар гишүүн байгууллагууд хүртээмжтэй, хариуцлагатай инновацийг дэмжих чиглэлд хамтарч ажиллахаа илэрхийлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй, тогтвортой санхүүгийн экосистемийг дэмжсэн уян хатан тогтолцоог бий болгох чиглэлд голлож ажиллахаар тохиролцжээ.
Форумын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ерөнхийлөгч Элиса дэ Анда Мадразотай уулзаж ФАТФ-аас тавьж буй стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд СЗХ-ноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ талаар танилцууллаа. ФАТФ-ын Ерөнхийлөгч уулзалтын үеэр Монгол Улсын гаргасан ахиц дэвшлийг сайшааж, цаашид МУТСТ тогтолцоог боловсронгуй болгоход дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн долоон ажлын хэсгийн хурал болж Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.
Хороо 2016 оноос хойш нийгэмлэгийн долоон ажлын хэсгийн үндсэн гишүүнээр, энэ оноос Цахим санхүүгийн үйлчилгээ (DFS)-ний ажлын хэсгийн орлогч даргаар ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хороо санхүүгийн хүртээмжийн зөрүүг арилгах, хүртээмжтэй ногоон санхүү, сэндбокс, регтек, субтек чиглэлүүдээр нийт 17 ажлыг ахлан хэрэгжүүлэхээр болсон бөгөөд зах зээлийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан бүс нутгийн онцлогт тохирсон бодлого зохицуулалтын шинэ санал, санаачилга дэвшүүлэн ажилласныг форумд оролцогчдоос өндрөөр үнэллээ.