“Дундаж орлогын хавх”-наас ангижрах боломж: Өсөлтийн 3i стратегийг хэрэгжүүлэх нь
- 2024/08/20 15:46
-Монгол Улс нэг хүнд ногдох орлогоо 2-3 дахин өсгөхийн тулд юун дээр давхар төвлөрөх ёстой вэ-
Дэлхийн банк 2024-2025 оны санхүүгийн жилд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО) нь 4516-14005 ам.долларын интервалд байгаа гишүүн орнуудыг “дундын дээд орлоготой орон” гэдэг ангилалд оруулсан. 2023 оны эцсийн байдлаар Монгол Улсын тухайн үзүүлэлт 4950 ам.доллар (2022 онд 4210 ам.доллар байв)-т хүрсэн тулд “дундын дээд орлоготой орон” гэсэн ангилалд энэ оны долдугаар сард оруулсан.
Ийнхүү Монгол Улс “дундын доод орлоготой орон”-ноос “дундын дээд орлоготой орон” болоход технологи, инновацид суурилсан бүтээмжийн өсөлт бус харин нүүрсний экспортын өсөлт, түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ зэрэг салбарын өсөлт гол үүрэг гүйцэтгэсэн. Ийнхүү мөчлөгийн шинжтэй уул уурхайн салбарын экспортод суурилсан нэг хүнд ногдох орлогын өсөлт нь тогтвортой байх боломжгүй. Монгол Улстай адил эдийн засгийн төрөлжилтгүй, аж үйлдвэржилт, боловсруулах салбар сул, эрдэс түүхий эдийг түүхийгээр экспортлодог, бүтээмж доогуур байгаа улс орнууд “дундаж орлогын хавх”-ндаа гацдаг зовлон бий.
Одоогийн бодлого, үйл ажиллагааны төвлөгөөг харахад 1960-аад онд эдийн засгийн бодлогод анх орж ирсэн хөрөнгө оруулалтын “их түлхэлт” хийх тухай л ярьсаар байна. Харамсалтай нь, төлбөрийн тэнцлийн хязгаарлалттай байнга тулдаг, үйлдвэрийн бүх орцын бүтээмж доогуур байгаа манай эдийн засагт “хүсээгүй” олон үр дагавар гарна.
Харин “Дэлхийн хөгжлийн тайлан-2024” болох “The Middle-Income Trap /Дундаж орлогын хавх” тайланд 1950 оноос хойш хөгжлийн туршлагад тулгуурласан Шумпетерийн эдийн засгийн урсгалын шинжилгээнд суурилан “дундаж орлогын хавх”-наас зайлсхийх бодлогын жор, “3i стратеги”-ийг санал болгосон. Тус тайланд Монгол Улсад шууд авч хэрэгжүүлэх, анхаарах дараах чухал санааг дурджээ.
Нэг хүнд ногдох орлого нь 1136-13845 ам.долларын хооронд байдаг дундаж орлоготой 108 орны амбиц нь ойрын 20-30 жилд өндөр орлоготой орны статустай болох явдал юм. 1990 оноос хойш дундаж орлоготой 34 орон (нийт хүн ам нь 250 сая хүрэхгүй) л өндөр орлоготой эдийн засагтай болж чадсан.
Сүүлийн 10 жилд дундаж орлоготой орнуудын хэтийн төлөв муудсан. Өр нэмэгдэж, хүн ам хөгширч, өндөр хөгжилтэй орнуудын протекционизм нэмэгдэж, эрчим хүчний шилжилтийг хурдасгах дарамт нэмэгдэж, өнөөгийн дундаж орлоготой орнуудын өсөлтөд илүү их хүндрэл бий болж байна.
Орлогын түвшний ялгаа нь тухайн эдийн засгийн үйлдвэрлэлийн бүтэц, боловсруулалтын түвшинтэй шууд холбогдоно. Орлогын дараагийн түвшинд шилжихын тулд боловсруулалтын түвшнийг ахиулах ёстой болно. Үүний тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтээс гадна технологийг нэвтрүүлж, инновацийг хөгжүүлсэн аж үйлдвэржилт зайлшгүй шаардлагатай.
“3i стратеги”-ийн хувьд дундаж орлоготой орнууд нэг биш хоёр шилжилт, реформыг хийх шаардлагатай.
Эхнийх нь, хөрөнгө оруулалт /investment/-ыг хурдасгахад төвлөрдөг 1i стратегиас хөрөнгө оруулалт /investment/ болон гаднаас технологи авч ирж, дотоодод тархаадаг шингээлт /infusion/-ийн аль алиныг нь онцолдог 2i стратегид шилжих явдал юм.
o Орлого багатай орнуудын эдийн засгийн амжилт нь хөрөнгө оруулалтыг түргэтгэсэнтэй дийлэнхдээ холбогддог. Эдгээр эдийн засаг дунд орлоготой статус руу шилжих үед ргэлжлүүлэн ахиц дэвшил гаргахын тулд шинэ санаа, технологийг гадаадаас авчирч, эдийн засагт түгээх зорилготой хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгохыг шаарддаг. Үүнийг шингээлт (infusion) гэж нэрлэж болно.
o Дундаас доогуур орлоготой улс орны засгийн газрууд орчин үеийн технологи, амжилттай бизнес загварыг үндэсний эдийн засагтаа нэвтрүүлэхийн тулд хөрөнгө оруулалтад тулгуурласан 1i стратегидаа нэмэлт арга хэмжээ авах ёстой болдог. Энэ нь дотоодын аж үйлдвэрийн томоохон хэсгийг дэлхийн хэмжээнд бараа, үйлчилгээний нийлүүлэгч болгон өөрчлөхийг шаарддаг.
Хоёрдахь нь улс орон 2i стратегийг амжилттай хэрэгжүүлсний дараа 3i стратеги руу шилжиж, инноваци (innovation)-д анхаарал хандуулах ёстой болно. Шингээлт (infusion)-ийг сайн эзэмшсэн “дундаас дээш орлоготой” орнууд нь цааш үргэлжлүүлэн хурдтай өсөж, хөгжихийн тулд хөрөнгө оруулалт (investment), шингээлт (infusion)-ийг инноваци (innovation)-тай сайтар хослуулах ёстой болно.
o Дэлхийн технологийн чиг хандлагаас шинэ санаа авч ашиглахаас гадна өөрөө тухайн хөгжилд хувь нэмэр оруулж урагшлах ёстой болно. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн бүтэц, ажлын байр, эрчим хүчний хэрэглээнд дахин бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засгийн эрх чөлөө, нийгмийн хөдөлгөөн, улс төрийн өрсөлдөөн, эрх чөлөөнд анхаарал хандуулахыг шаардана.
o Аль i стратеги дээр суурилсан бодлого, стратеги хэрэгжиж байгаа нь орлогын түвшнийг шууд тодорхойлох бөгөөд дараагийн түвшинд хүрэхийн тулд 1i ->2i ->3i шилжилтийг хийх ёстой болно. 2i- аас шилжиж, 3i стратегийг амжилттай хэрэгжүүлснээр “дундаас дээш орлоготой” орнуудын бүтээмж эрс сайжирч, түүн дээр тулгуурласан өсөлт, хөгжил нь “дундаж орлогын хавх”-наас гарахад туслах ажээ.
Өсөлтийн стратеги хоорондын шилжилт нь автоматаар бий болохгүй. Тухайн нийгэм бүтээх, хадгалах, устгах хүчийг хэр сайн удирдахаас амжилт шалтгаална. Тэд албан инкубаторийг батжуулах, меритийг урамшуулах, хямралыг үр ашигтай ашиглах замаар үүнийг хийж чадна.
Засгийн газар жижиг, дунд үйлдвэр, том корпорациудад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр шинээр зах зээл нэвтрэгсдийг өрсөлдөөнд суурилсан зарчмаар урамшуулах инкубаторын механизмыг боловсруулах ёстой. Дундаж орлоготой орнууд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад чадварлаг боловсон хүчний нөөц багатай, тэдгээрийг ашиглах үр ашиг багатай тул авьяас чадвараа хуримтлуулах, хуваарилах тал дээр илүү сайн ажиллах ёстой. Хямд, найдвартай эрчим хүч нь эдийн засгийн хурдацтай хөгжлийн гол тулгуур. Гэхдээ эх дэлхийгээ амьдрахад тохиромжтой орчин хэвээр байлгахын тулд эрчим хүчний хэмнэлт, бохирдлын ялгарлын эрчимжилтэд илүү их анхаарал хандуулах шаардлагатай.
Популизмын тэлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг онцгой нөхцөл байдал нь хуучирсан зохицуулалтыг халж, шинээр бий болгох боломжийг олгодог. Хямрал нь хүндрэлтэй боловч ардчилсан орнуудад бодлогын хатуу шинэчлэл хийхэд шаардлагатай зөвшилцлийг бий болгоход тусалдаг.
Дундаас өндөр орлоготой статус руу хурдан шилжсэн цөөхөн эдийн засаг нь сахилга баттай инкубаторыг хөгжүүлэх замаар аж ахуйн нэгжийг урамшуулж, мерит зарчмаар авъяас чадвараа хөгжүүлж, хямралыг ашиглан нэгэнт “ажиллахаа больсон” бодлого, институцийг өөрчилж чадсан. Өнөөгийн дундаж орлоготой орнууд ч үүнийг хийх ёстой болно. Асуудлын гол нь хэрхэн хийхэд л оршино.
Эдгээр стратегийг хэрэгжүүлэхдээ компанийн хэмжээ, орлогын тэгш бус байдал, эрчим хүчний эх үүсвэр зэрэг харьцангуй өнгөц хэмжүүрүүдэд төвлөрсөн бодлогоо гаргахын оронд нэмүү өртөг, нийгэм-эдийн засгийн шилжилт, бохирдлын ялгарлын эрчим зэрэг суурь асуудлуудад төвлөрөхийг зөвлөж байна.
Бодлого боловсруулагчид олон нийтэд мэдээлэл, нөхцөл байдлыг бодитой өгч, бодлогыг нээлттэй хэлэлцэж, хуучирсан бодлого, зохицуулалтыг устгах боломжийг ашиглах хэрэгтэй. Үүнийг хийхгүйгээр дундаж орлоготой орнууд мөнхийн шуургатай далайд харанхуй сэлүүрдэхгүй адил юм.
Геополитик, хүн ам зүй, байгаль орчны газар авч буй хүндрэл нь ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтөд хүндээр тусна. Эдгээр хүндрэлтэй орчинд ч, өндөр хөгжилтэй эдийн засагтай болохын тулд дундаж орлоготой орнууд гайхамшгийг бүтээх хэрэгтэй болно. 1970 оноос хойш дундаж орлогын орнуудын нэг хүнд ногдох медиан орлого нь АНУ-ын харгалзах орлогын 10 хувиас бага түвшинд явж ирснийг мартаж болохгүй.
Нэг хүнд ногдох орлогоо хоёр дахин нэмэхээр “Хурдацтай хөгжлийн төлөөх зориг” гарган ДНБ-ээс дахин их хөрөнгө оруулалтын томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж, түүнд зориулан маш том золиос, эрсдэл гаргаж буй үед илүү шинжлэх ухаанч байж бусдын хөгжлийн туршлагад суурилсан “3i стратеги”-ийг иж бүрнээр нь нутагшуулан хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна.
Эх сурвалж: World Development Report 2024: The Middle-Income Trap