“Монложистиск холдинг”-ийн орлого дунджаар 42.6 хувиар өсжээ

  • 2024/08/14 16:39

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, тээвэр ложистикийн “Монложистикс холдинг” хувьцаат компанийн үйл ажиллгааны ашиг 2024 оны эхний хагас жилд 11.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар өссөн үзүүлэлт аж. Хуулийн дагуу татвар шимтгэлээ төлснөөр 6.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллласан байна. Эл үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 45 хувиар өсжээ.

Түүнчлэн тус компанийн нийт орлого 141.9 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 49.1 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Ингэснээр сүүлийн дөрвөн жилийн борлуулалтын орлогын дундаж өсөлт 42.6 хувь болсон байна. 

Тус компанийнхан тайландаа “2024 оны бизнес төлөвлөгөөнд тусгасан суурь эдийн засгийн гүйцэтгэл хүлээлтийн дагуу байна. Харин голлох валютын ханшийн өсөлт хүлээлтэд хүрээгүй хэдий ч ложистикийн салбарын өсөлт бидний хүлээлтээс давсан. “Монложистикс групп” нь дотооддоо шинээр хөгжүүлэх болон зах зээл дээр хэдийнэ байршсан компани худалдан авах арга замаар зах зээлийн эзлэх байр сууриа тэлэхээр төлөвлөн ажилласаар байна. Энэхүү ажлын эхлэл болгож, “Төв Азийн зам” ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан авснаар группийн хүлээгдэж буй ашгийг нэмэгдүүллээ. “Алсын хараа 2030” төлөвлөгөөний дагуу “Монложистикс групп” нь 2024 оны сүүлийн хагаст БНХАУ-д салбар байгуулах, экспортын тээврийн өргөжүүлэхээр вагонд худалдаж авах, дараагийн компанийг худалдаж авах судалгаа хийх зэрэг ажлыг төлөвлөөд байна” хэмээн дурджээ.

“Монложистикс групп”-ийн нэгж хувьцааны ханш өдгөө 179 төгрөгтэй дүйж, зах зээлийн үнэлгээ нь 71.25 тэрбумд хүрээд байна.