Тансаг брэндийн зах зээлд зет үеийн худалдан авагчид орж ирлээ
- 2024/05/13 14:22
Энэ нь тансаг бүтээгдэхүүний зах зээл дэх хэрэглэгчийн зан төлөвт томоохон өөрчлөлт гарахыг илтгэж байгаа юм. Брэндүүд шинэ залуу үеийн худалдан авагчдын амьдралын хэв маяг, эрхэмлэдэг үнэ цэнэ, сонголтод нийцүүлэх, тэдэнд хүрч, борлуулалт хийхийн тулд зан төлөвийг нь судалж, хамгийн их ашигладаг сувгуудыг нь сонгож харилцах хэрэгцээ гарч байна.
Сүүлийн үеийн судалгаагаар тансаг брэндийн хэрэглэгчдийн 73 хувь нь Инстаграммаар гол мэдээллээ авдаг болох нь харагджээ. Тиймээс зах зээлд гарч буй энэ өөрчлөлтийг анхааралтай ажиглаж, маркетингийн стратеги, арга хэрэгслээ төлөвлөх, залуусын сонголтод өрсөлдөх чадвартай байхын тулд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх зэрэг шинэ сорилтууд тулгарч байгаа аж.
Ерөнхийдөө тансаг бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээ өссөөр байгаа ч цаг үеийн шинжтэй инфляцын өсөлт болон томоохон брэндүүд сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүний үнээ тасралтгүй нэмж буй нь эргээд худалдан авалтад сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Өнгөрсөн хоёр жилийн дотор Chanel, Prada, Dior, Louis Vuitton, Loewe зэрэг дэлхийн хамгийн алдартай 23 брэнд, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн байна.
“Bernstein” хөрөнгө оруулалтын фирмээс хийсэн судалгаанаас харвал 2020 онд 5800 ам.долларын үнэтэй байсан Chanel-ын 2.55 загварын цүнх өнөөдөр 10,200 ам.долларын үнээр борлуулагдаж байна. “Prada”-гийн “Galleria” загварын цүнх 2021 онд 2750 ам.доллар байснаас одоо 4300 ам.доллар болсон байна. Энэ мэтээр тансаг брэндүүдийн бүтээгдэхүүний үнэ 2019 оноос хойш дунджаар 32 хувиар өсчихөөд байгаа аж.
Б.Сэвжидмаа