Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг иргэд нааштай хүлээн авч, банкнууд ч нэг их юм ярьсангүй харьцангуй сенсаац багатай баталлаа. Энэ салбарт 10 гаруй жил тоосоо өргөж яваа хүний хувьд системийг улам сайжруулахад энэхүү эрх зүйн шинэчлэлийг мөн дэмжиж буйгаа юуны өмнө илэрхийлье.
Уг нэмэлт, өөрчлөлтийн агуулгуудыг мэдээллийн хэрэгслүүдээр ойлгомжтой тайлбарласан тул дахин нурших нь илүүц. Харин хэдэн жил банкны лиценз авах гээд тодорхойгүй шалтгааны улмаас фейлдэж байгаа MCS групп, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Ч.Ганхуяаг,
Lend.mn гэх мэт банкны амбийцтай тоглогч нар хөрөнгө оруулагч болох боломж олдож буй ч банкны эзэд болох боломжгүй хууль, эрх зүйн орчин бүрдлээ. Мөн хөрөнгийн зах зээлийг мөнгөний зах зээлтэй интегралчлахад түлхэц болно гэж харж байна.
Гэхдээ улс төрчид аливаа хуулийг батлахдаа цаашид хэрхэн хэрэгжүүлэх, дагаж мөрдөхөд ямар асуудал үүсэх, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх нь огт хамаагүй байдаг хандлага мөн энэхүү нэмэлт өөрчлөлт батлах явцад харагдсан. Хамгийн энгийн жишээ бол энэ хуульд заасны дагуу нээлттэй банк болж, одоо байгаа хувьцаа эзэмшигч нар 20 хувь хүртэл хувьцаанаасаа бүрэн салж дуусах хугацааг анх Монголбанкны ажлын хэсгээс 2026 он гэж байсныг, улс төрчдийн зүгээс 2023.12.31-ний өдөр болгосныг их хурлын гишүүн тайлбарлахдаа “2024 онд сонгуультай шүү дээ. Наана нь дуусгах хэрэгтэй” гэж хээв нэг хэлж байгаа нь улс төрийн сонирхол байгаа гэдгийг харуулж байна. Энэ удаа уг хуулийг хэрэгжүүлэх явцад ямар хүндрэл гарах, хугацаандаа амжих талаар өөрийн хувийн өнцгөөс тайлбар хийе.
Зах зээлийн боломж байна уу
Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 12 арилжааны банкнаас (өөрийн хөрөнгө буюу эздийн өмч 2020.12.31-ний байдлаар 3.7 их наяд) системийн нөлөө бүхий гэж үздэг таван банкийг (өөрийн хөрөнгө дангаараа 3.5 их наяд төгрөг) 2022.06.30-ны өдөр гэхэд нээлттэй хувьцаат компани болгох шаардлагатай болсон. Энэ таван банкийг 100 хувь нэг хүн хувьцаа эзэмшдэггүй тул дунджаар 70 хувийн хувьцааг зарлаа үзвэл 2.4 их наяд төгрөгийн хувьцаа зарах хэрэгтэй. Хувьцаа зарахын тулд мэдээж зардал гарна. IPO хийхэд андеррайтер болон хуулийн фирмийн зардал хамгийн бага даа 5 хувь, хувьцаа худалдахад 10 хувь татвар авна гэхээр 2.8 их наяд төгрөгийн үнэлгээ (хамгийн бага даа) гарах болов уу.
Учир нь дээрх тоонууд зөвхөн банкны тэнцэл дээрх дүн бөгөөд IPO хийхдээ банкнууд актив болон бусад хөрөнгө, нэр хүнд, брэнд гээд зах зээлийн үнэлгээ хийлгэх ба магадгүй одоо байгаа хувьцаагаа зарах бус нэмж хувьцаа ч гаргах боломжтой. Гэхдээ энэ үнэлгээ банк тус бүр дээр ямар байхыг би үнэндээ төсөөлөх боломж алга байна. Харин нөгөө талд банкны хувьцааг худалдан авах бэлэн зах зээл байгаа нь эргэлзээтэй буюу бараг боломжгүй дүр зураг харагдаж байна. Учир нь Монголын Хөрөнгийн биржийн нийт үнэлгээ буюу эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ гурван их наяд төгрөг байна. Банкнуудын IPO-г дээрх тооцсон хамгийн бага (2.8 их наяд) үнэлгээгээр тооцож амжилттай гарахад Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.8 их наяд болж бараг даблдаж таарах нь.
Харамсалтай нь ийм боломж одоогоор манай санхүүгийн системд байхгүй. Энэ талаар их хурлын ажлын хэсгийн гишүүн 17 их наяд төгрөгийн хадгаламжаас гаргах боломжтой, тиймээс иргэд хүүгээр биш ногдол ашгаар ашиг олох, банк талдаа хадгаламжийн хүү, зээлийн хүү буурна гэж тайлбарлана лээ. Уучлаарай макро эдийн засгийн суурь бүрэн бэхжээгүй байхад одоогийн 2.3 хувийн инфляц тогтмол байх ямар ч боломжгүй бөгөөд бодлогын хүү инфляцаас дээш, хадгаламжийн хүү бодлогын хүүнээс дээш байх зүй тогтолцоотой үед хувьцаанд хөрөнгө оруулах хүн хадгаламжаас доогуур өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх нь юу л бол! Энэ нь банкандаа, Хөрөнгийн зах зээлдээ ч биш, харин манай макро эдийн засгийн потенциал, бидний жилд үйлдвэрлэж байгаа ДНБ-нээс ямар хэмжээгээр хуримтлал үүсгэж байгаагаас шалтгаалж хүү өсөх, буурах нь шийдэгдэх асуудал. Тиймээс энэ нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй адил хэрэг юм.
Банкны хувьцаа эзэмших бол юунд анхаарлаа хандуулах бэ
Банкнууд систем бараг 10 орчим жил ногдол ашиг хуваарилаагүй байгаа. Учир нь банкны актив, зээлийн хэмжээ өсөх тусам өөрийн хөрөнгө буюу эздийн өмчийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлдэг (зохицуулагч байгууллагаас шаарддаг журамтай, сар бүр хяналт тавьдаг) онцлогтой бизнес юм. Хэрэв та банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болбол мөнгөний эх үүсвэрийг судлах, худалдаж авсан хувьцаагаа барьцаалах, бусдад худалдах бүрд Монголбанкнаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд үүгээрээ бусад бизнесүүдээс ялгаатай юм шүү. Хэрэв та Банкны хувьцаа эзэмших бол хүний амаар бус харин Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулиуд болон тухайн банкнуудыг судлах хэрэгтэй!!!
Хэрхэн хэрэгжүүлбэл тохиромжтой бэ
Үнэхээр санхүүгийн том системийг шинэчлэх гэж байгаа бол улс төрөөс ангид болгож, шат дараалсан /20%, 40%, 60%/ байдлаар нээлттэй компани болох хугацааг хойш сунгаж, эдийн засгийн эрх чөлөөтэй уялдуулах хэрэгтэй. Одоогийн хувьцаа эзэмшигч нарын эзэмшлийг хэт бууруулах нь энэ салбарт мэргэжлийн бус тоглогч нар орох, хэт олон хувьцаа эзэмшигч нар хоорондоо бизнесийн соёл, зорилго гэх мэт олон хүчин зүйлс дээр үзэл санаа нийлэхгүй байх, улмаар шийдвэр гаргалт удааширч, харилцагч, жижиг хувьцаа эзэмшигч нар хохирох гэх мэт сөрөг талууд байдлыг бас мартаж болохгүй. Энэ хуулийг заасан хугацаанд биелүүлэхгүй бол хуулийн шаардлагад нийцүүлж, зарагдаагүй хувьцаа буюу 20%-иас бусад хувийг банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцох хуулийн заалт байгаа тул нөлөө бүхий банкнууд хэвийн үйл ажиллагаа явуулахад эрсдэл үүсч болзошгүй.
Энэ хуулийг шинэчлэлийг шууд заасан хугацаанд биелүүлэхэд эдийн засгийн боломж хомс бөгөөд хэрэв том банкнууд IPO хийгээд худалдан авагч олдохгүй бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж болзолгүй юм. Харин дотоод боломж муу бол гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэх боломж байгаа гэж хүмүүс харах байх. Тийм боломж мэдээж байгаа гэхдээ нэр нөлөө бүхий улс төрчид хадгаламж, зээлийн хүүг хүчээр тэглэх, зээлийн хүүнд хязгаар тогтоох гэсэн попролт гаргаж байгаа нь зах зээлд гадаадын хөрөнгө оруулагч нар орох биш одоо байгаа цөөхөн хэд нь байгаа хувьцаагаа банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг далимдуулж зараад Монголын зах зээлээс гарах минь гэж бодож суугаа.
Мөн Гадаадын банкны тухай хууль гэсэн шинэ хуулийн төсөл боловсруулагдаж байгаа тул энэ талаар тусад нь авч үзэх шаардлагатай болов уу. Ямартай ч одоо байгаа банкнууд Монгол Улсын хуулийн дээдлэн ажилладаг тул хэрэгжүүлэхийн төлөө гадаадын сайн туршлагыг судалж системийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллах болно.