“Mercedes Benz” брэндийн цахилгаан машины эрэлт буурав
- 2024/05/11 15:44
Тансаг зэрэглэлийн унаа гэдгээрээ танил болсон “Mercedes Benz” брэнд олон жилийн турш барьж ирсэн бодлогодоо шинэчлэл хийж, “Zero emission” буюу агаарт нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй бүрэн цахилгаан автомашинуудыг нийлүүлэх бодлого барьж байгаа ч зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ тэднийг хурдаа хасахыг шаардаж байна. Бүрэн цахилгаан машиныг зах зээлд нийлүүлэх шинэчлэлийн процессыг маш эрчимтэй явуулахаар тус группийн удирдлагууд тооцоолж байсан ч хэрэглэгчдийн дунд "Mercedes EV" буюу цахилгаан машин нь урьдчилан төсөөлж байсан шиг өндөр эрэлт үүсгэхгүй байгаа аж.
Энэ оны эхний улиралд гэхэд Mercedes брэндийн цахилгаан машины борлуулалт найман хувиар унаж, компанийн ашгийн маржин есөн хувьд хүртлээ буурсан байна. Энэ бол “Mercedes Benz”-ийн хувьд маш тод дохио өгч байгаа учраас бүрэн цахилгаан машинд шилжих гэж яарахаас илүү энэ шилжилтийг илүү удаан, нухацтай хийх шаардлагатай болохыг харууллаа гэж тус группийн гүйцэтгэх захирал Ола Каллениас мэдэгдлээ. 2030 он хүртэл энэ шилжилт үргэлжлэх төлөвтэй байгаа ба магадгүй түүнээс ч цааш Mercedes шаталтат хөдөлгүүр бүхий уламжлалт загваруудаа борлуулж болохуйц чиг хандлага харагдаж байгаа аж.
Гэтэл тус брэндийн өрсөлдөгч “BMW”-гийн хувьд цахилгаан машины зах зээлд нэг алхмын урд яваа гэж үзэж болно. “BMW” 2023 онд нийтдээ 376,183 цахилгаан машин борлуулж, зах зээлийн 14.7 хувийг эзэлж байсан бол “Mercedes Benz”-ийн хувьд борлуулалт нь 240,600 байжээ. Энэ нь цахилгаан машины зах зээлийн 11 хувь юм.
“Mercedes Benz”-ийн ирээдүй гэж итгэж байсан цахилгаан машины ойрын ирээдүйн борлуулалтын дүр зураг төсөөлөлд хүрэхгүй байгаа учраас тус групп өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн Maybach, G-Wagon Suv, EQS зэрэг загварын борлуулалтыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд орлогынхоо 60 хувийг эдгээр загвараас олно гэж төлөвлөж байгаа аж.
Б.Сэвжидмаа