70-аад оны загвар эргэн ирж, “Puma” брэндийг сэргээлээ
- 2024/05/09 17:33
Эх сурвалж: Ройтерс
1970-80-аад онд моод болж байсан Палермо,Самба маягийн спортын гутлын ретро загвар “Puma” брэндэд сэргэлт авчирлаа. Одоогоос 40 гаруй жилийн өмнө моод болж байсан “Puma”-гийн Палермо, “Adidas” брэндийн Самба загварыг санагдуулах ретро загварууд өнгөрсөн жилээс загварын ертөнцөд эргэн ирсэн билээ. Загварын энэ чиг хандлага нэг хэсэгтээ үргэлжлэх төлөвтэй байгаа нь “Puma” брэндийн хувьд тун өөдрөг мэдээ болохыг гүйцэтгэх захирал Арни Фройнд мэдэгдлээ. Учир нь, Палермогийн борлуулалтын ачаар “Puma” брэндийн Америк дахь борлуулалт сүүлийн 4 улирлын хугацаанд анх удаа өсөлттэй гарчээ. “Puma” брэндийн хамгийн гол зах зээл болсон АНУ-д борлуулалт 0,5 хувиар өсч, 2,1 тэрбум еврод хүрсэн байна. Энэ мэдээ тус компанийн хувьцааг дөрвөн хувиар өсгөөд байна.
Моод нэг хэсэгтээ үргэлжлэх хандлагатай байгаа нь борлуулалт 2024 оны хоёрдугаар улиралд ч 2-3 хувийн өсөлттэй байх төлөвийг харуулж байгаа аж. Палермо моодонд орохоос өмнө “Puma” брэндийн хувьд борлуулалт маш муу, өмнөх гаргасан загварууд нь агуулахад их хэмжээгээр үлдэж, шүдний өвчин болоод байсан юм. Харин Палермогийн ачаар “Puma”-гийн бусад загварын борлуулалт ч нэмэгдэж, агуулахын үлдэгдэл нь 16,8 хувиар буурчээ.
Гэхдээ “Puma” өмнөх алдаанаасаа сургамж авч, агуулахын үлдэгдлээ нэмэхгүйн тулд эрэлттэй байгаа Палермо загвараа ч хэт олон тоогоор нийлүүлэхээс зайлсхийж байгаа аж. “Puma”-гийн Палермотой ижил ретро загвар нь эрэлт ихтэй байгаа “Adidas” брэндийн хувьд ч мөн энэ тал дээр ижил байр суурь баримталж байгааг тус компанийн захирал мэдэгдсэн юм. Хэдийгээр 70-80-аад оны загварыг худалдан авагчид сонирхож байгаа ч хэт их хэмжээгээр зах зээлд нийлүүлэх нь эргээд трэндээ үгүй болгох аюултай гэдгийг эдгээр брэндийг бүтээгчид сайн ойлгож байгаа бололтой.
Өнгөрсөн зунаас хит болж байгаа энэхүү ретро загвараа сурталчилж, брэндийнхээ нэр хүндийг өсгөхийн тулд “Puma” компани Жак Грэйлиш, Эдна Киплагат зэрэг спортын нэртэй тамирчидтай хамтрахаас гадна Дуа Липа тэргүүтэй урлаг соёлын оддоор сурталчилгаа хийж байгаа юм. Өнгөрсөн сард Их Британийн Ерөнхий сайд Аdidas брэндийн Самба загварын спорт гутлыг өмсч, ярилцлагад орсноороо хэт их моод хөөлөө гэж олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээсэн билээ.