Эрчим хүчний салбарт “Чанарын дэд бүтэц” ном мэндэллээ
- 2024/04/24 14:08
"Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Гэрэл өөрийн туурвисан “Чанарын дэд бүтэц” номын нээлтээ 2024 оны дөрөвдүгээр сарын 18-нд хийлээ. Номын нээлтэд яамны удирдлага, хамт олон, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн төлөөлөл оролцов.
Улс оронд шинжлэх ухаан, техник технологи, аж үйлдвэр, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспорт, импортын баримжаатай зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад тулгарч буй аливаа саад бэрхшээлийг даван туулахад стандартчилал, хэмжил зүй, сорилт туршилт, баталгаажуулалт, итгэмжлэл гэсэн үндсэн таван бүрэлдэхүүн элемент бүхий “Чанарын дэд бүтэц” ном нь зөвхөн үйлдвэрлэгчдэд төдийгүй зохицуулагч, хэрэглэгчдэд хэрхэн чанарыг хангах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжийг бий болгох, хөгжүүлэхэд чиглүүлэгч гарын авлага болсноороо ач холбогдолтой.
“Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх асуудлыг улс орны эдийн засгийн салбаруудад үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тоноглол, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бүтээгдэхүүний чанар, үйл явцад тавигдах шаардлагыг стандартчилах, тохирлын үнэлгээнд хамруулах, баталгаажуулах зохицуулалтыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Хөгжлийг түүчээлэгч эрчим хүчний салбарт ч мөн чанарын дэд бүтцийн талаар мэдлэг, ойлголт олгох, хөгжүүлэх эрэлт хэрэгцээ нь тулгамдсан асуудлын нэг болсон.
Улсын хөгжилд чанарын дэд бүтцийн үзүүлэх нөлөө, ач холбогдлын талаар үйлдвэрлэлд ажиллаж буй инженер техникийн ажилтан, менежерүүд, их дээд сургуулийн байгалийн ухаан, техникийн салбарын оюутнуудад цэгцтэй суурь мэдлэг олж авахад энэхүү ном тусална гэдгийг зохиогч онцлон тэмдэглэсэн.
Мөн ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийнсургалтад зориулан номын дээжээс тус сургуулийн Чанарын албаны дарга Ч.Улам-Оргилд гардуулав.