Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн шинэ барилгын ажлын явцтай танилцжээ
- 2024/04/24 12:49
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн шинээр баригдаж буй барилгын ажлын явцтай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга С.Зулпхар танилцлаа.
Өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өрөөнүүдийн зохион байгуулалт, цахилгаан, сантехникийн ажлыг хийж байгаа аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын үнийн судалгааг гарган танилцуулахыг холбогдох албаныханд даалгалаа.
Эмнэлгийн барилга нь хэвтэн эмчлүүлэх болон нөхөн сэргээх тасгуудтай орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3 дугаар шатлалын эмнэлэг болох юм. Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь жилд дунджаар давхардсан тоогоор 200 гаруй байгууллага 79-80 мянга орчим хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоог суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн. Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн олонх нь уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынхан байдаг. Тэр хэрээр орон нутгаас зорьж ирэх үйлчлүүлэгчид олон байдаг учраас хэвтэн эмчлүүлэх тасагтай болж байгаа нь чухал ач холбогдолтой аж
Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилгыг шинээр барих санхүүжилтийн асуудлыг 2022 оны улсын төсөвт суутган шийдвэрлэжээ.